No.1 Энхбаяр ба санал асуулга
5 сар 4, 2009“Залуусын Number One сонголт Намбарын Энхбаяр” гэдэг хөдөлгөөн 4 сарын сүүлээр байгуулагдсан тухай мэдээгээр мэр сэр харагдах болов. Өөрсдийгөө “ажлын туршлагатай, нийгмийн идэвхитэй” гэж тодорхойлсон залуус www.numberone.mn гэсэн вэбсайт нээгээд ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн хэнийг дэмжих талаар санал асуулга авч байгаа аж. Гэтэл news.mn дээр Ц.Элбэгдорж илүү саналтай байгааг харуулсан зураг тавигдсаны дараа удалгүй Н.Энхбаярын авсан саналын тоо илүү гарсныг зурагт үзүүлэв (зургийг дарж бүтнээр хараарай). Энд хоёр сонголтын саналын тоо нийлээд нийт саналын тооноос давсан байгааг харж болно (55+47 vs. 73). Тэгэхээр “number one”-н залуус Н.Энхбаярт зориулсан сайт нээгээд тэрэн дээрээ автоматаар Н.Энхбаярт санал нэмээд сууж байгаа бололтой. Хэрэв илүү 29 саналыг бүгдийг Н.Энхбаярт нэмсэн гэж үзвэл Ц.Элбэгдорж 47 vs. 26-р ялж байсан болох нь. Үүнийг мөн саналын тооны ард байгаа саналын хувиас харж болно: 55 санал 75.3% болж байгаа гэвэл нийт 73 санал байна гэсэн үг, 47 нь мөн 73-н 64.4%-тай тэнцүү.
Монголын интернэт хэрэглэгчид ихэвчлэн залуучууд, гадаадад байгаа Монголчууд болон хүн амын арай боловсролтой хэсэг нь байдаг гэж үзвэл Ц.Элбэгдорж санал асуулгад давамгайлах нь гайхах зүйл биш, нөгөө талаар энэ нь сонгуулийн үр дүнгийн талаар төсөөлөл өгөх чадваргүй юм. ТВ-н мэссэж чарт, утсаар авдаг санал асуулга ч гэсэн саналын тоог засах замаар (хамгийн их санал авч байгаа дууны саналыг дарж 2-рт бичих гэх мэт) аль болох олон хүнийг холбогдуулж мөнгө хийдэг. Харин ийм юм хийж байгаа “number one”-н нийгмийн идэвхитэй залуус ядаж Оллоо-нхон шиг санал асуулгынхаа тоог зөв “засмаар” юм.
Нэмэлт: Нийт саналынхаа тоог үе үе тааруулж үзэж байгаа бололтой, гэхдээ саналын хувь нь засагдаагүй хэвээр.
Нэмэлт 2: Саналын хувиа зассан бололтой.
Нэмэл 3: Сүүлд саналын тоог автоматаар засахаар тааруулсан бололтой.

